Аливаа түүхийг улс төрийн зорилгоор бичдэг үүнээс болоод түүхэн үнэн гуйвуулагддаг эсвэл дарагддаг бүр заримдаа зохиомол домгон түүх хүртэл үүсдэг билээ. Би энэ удаа Монголын түүхэн дотроос дарагдсан эсвэл зориуд мартагдсан байж магадгүй Монголын бичгийн түүхийг дэлгэхийг зорилоо.
Нууцлагдсан түүх буюу Монгол бичгийн түүх
Надад анх Европийн орнуудын түүх уншиж байхад тэдний бичиг үсгийн түүх болон үндэстний бүрэлдэн тогтсон түүх Христийн шашинтай салшгүй холбоотой юм байна даа гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Ялангуяа тэдний бичиг үсэгтэй болсон нь Христийн шашинийг дэлгэрүүлэх үүднээс тухайн ард түмний эх хэл дээр Библийг орчуулж бичих зорилготой, тэдний хэл ярианы онцлогт зориулж бичиг үсэг зохиодог байсан нь тод харагддаг. Үндсэндээ орчин үеийн Умард болон Зүүн Европийн ихэнх орнууд VIII–X-аар зууны үед Христийн шашинд орсон бөгөөд үүнтэй холбоотойгоор тэдний бичиг үсэг, тэр бүү хэл үндэстний төр улсын үүсэл тавигдсан байдаг. Одоо бидний хэрэглэж байгаа Кирилл үсгийг ах дүү Кирилл, Метод гэх хоёр Христийн номлогч славян хэлний онцлогт зориулан зохиосон юм.
Гэтэл Монгол бичиг үсгийн түүх ч гэсэн Христийн шашинтай холбоотой нь харагддаг. Тэгэхлээр би өөрийнхөө таамаглалыг батлахыг оролдоё.
Тэгэхлээр Монгол бичгийн түүхийг судлахын тулд дэлхийн соёл иргэншил, бичиг, үсгийн түүхийг судлахаас өөр аргагүй ээ.
Анх хүний нийгмийн үйлдвэрлэх хүчний өсөлтөөр тухайлбал 13000 жилийн өмнөөс баруун Ази одоогийн Сири, Ирак болон түүний эргэн тойрны улсуудын үржил шимтэй нутагт Тигр, Ефрат (Tigris and Euphrates) гэх хоёр агуу мөрний сав газар улаан буудайн тариалал эрхэлснээр [1], дараа нь 8000 жилийн өмнөөс мал аж ахуй үүссэнээр эд баялагийн хуримтлал бий болон нийгмийн янз бүрийн анги, давхаргууд бий болжээ.
Ингэснээр нийгмийн зохицуулалт хийх шаардлагын дагуу анхны төр, захиргаанууд үүсчээ. Улмаар төрт улсууд нь аливаа үйл хэргийг амаар явуулах боломжгүй болов.
Шалтгаан нь:
1. Удирдагч хүн, хүн болгонтой уулзаж амаар, заавар зөвлөлгөө өгөх боломжгүй учраас гаргасан ам тушаал, зааварчилгаа нь зохих газраа хүрдэггүй эсвэл гуйвж очдог байв.
2. Эд, материалын их хуримтлал үүссэн тул бүртгэл, баримтжууллын үйл ажиллагаа шаардлагатай болов.
гэх зэрэг шаардлагаар Шумер улсын үед анхны бичиг, үсэг бий болсон түүхтэй.
Анхны бичиг үсгүүд нь дүрс үсэг байсан ба эртний Египет улсын түүхийн сүүл хэсгээр зарим авиаг тэмдэглэх болжээ.
Хожим нь Финикууд дээрхи санааг үргэлжлүүлэн авиа зүй дээр үндэслэн бичиг үсэг зохиосон юм. Эндээс орчин үеийн авиа зүйн бараг бүх бичиг түүний дотор Монгол бичиг үндэстэй.
Монгол бичиг нь Финик-Арамай-Сири-Согд-Эртний Уйгар-Монгол үсэг гэх дарааллаар үүссэн билээ. Эхний гурван бичиг үсэг нь Семит хэлний бүлгийн хэлнүүд (Одоогийн Араб, Еврейн өвөг хэл) бөгөөд Йисус Христ нь арамай хэл дээр ярьдаг байв. Согдууд болохоор одооний Ираний төрөл хэлээр, Уйгурууд түрэг хэлний бүлэгт хамаарагддаг байжээ.
Эндээс нэг сонирхолтой асуулт гарч болох юм. Яагаад Монголчууд эртнээс нааш харилцаа холбоотой, хөрш улсууд болох өөрийн бичиг үсэг бүхий эртний соёлт хөрш Хятад болон Тангуд, Төвдээс бичиг үсгээ аваагүй юм бэ?
Учир нь Хятадын дүрс үсэг нь Монголчуудын хувьд дэндүү нүсэр Монголын нүүдлийн соёлд дэндүү тохиромжгүй байв.
Төвд, Тангуд улсууд нь эртнээс VII зууны үед Соронзонгомбо хааныхаа үес Буддын шашинд албан ёсоор орсон бичиг үсэгтэй улсууд байсан боловч Монголчууд бас л авсангүй. Шалтгаан нь миний дээр дэвшүүлсэнээр бол Монгол бичиг нь Христийн шашны гарал үүсэлтэй байсанд оршино.
Тэгэхлээр энэ шалтгааныг тайлбарлахын тулд бид Христийн шашны түүх, түүний Монголд дэлгэрсэн түүхийг судлахаас өөр аргагүй болно.
Христийн шашин нь эртний Жүүдийн (Еврей) шашнаас үүсэлтэй бөгөөд манай эрний 0000 онд эртний еврей хэлээр Messiah ( Грекээр: Christ-Христ ) буюу бурханаас илгээгдсэн Ийсус төрсөнөөр эхлэлтэй юм. Хожим энэ шашин нь өөрсдийн итгэл үнэмшилийн тулгуур болох Эцэг, хүү, ариун сүнс, Христийн эх Мариягийн талаарх үзэл бодлын зөрүүгээс зөрчилдөн олон урсгалууд бий болгосон ба эдний дотроос Несториан урсгал нь Монгол оронд YII-X-аар зууны хооронд тархжээ. Несториан гэдэг нь Несторус гэсэн хүний нэрнээс үүсэлтэй ба энэ хүн Y-аар зууны үед Зүүн Ромын эзэнт улсын нийслэл Константинаполь хотын хамба лам байжээ. Несторус нь Ийсус Христ нь хүн ба бурханы шинжийг хоёуланг нь тусдаа агуулж байсан гэсэн асуудал дэвшүүлснээр Христийн ертөнцөд маргаан өрнүүлжээ. Улмаар Константинаполь хотынхоо хамба ламын эсрэг тэр үеийн өрсөлдөгч том хот Александрын хамба Кирил маргаан өрнүүлж Ром зэрэг газруудаас дэмжлэг авсанаар Несторусын талыг ялж, хавчин шахав. Ингэснээр энэ урсгал нь зүүн тийшээ тархах үндэс болж өгсөн юм. Энэ нь миний таамаглалаар бол гол нь үзэл сурталаас илүү тэр үеийн өрсөлдөгч том хотууд Константинаполь, Александр, Ромын геополитикийн өрсөлдөөнөөс шалтгаантай байсан байх.
Ингээд Несториан урсгал нь зүүн тийш эртний Ассир улсын удмынхан дунд ихээр тархжээ. Тэр үеийн Ассирууд Сири (Syriac) хэлээр ярьдаг байсан ба энэ хэл нь Арамай хэлний удам эсвэл төрөл хэл ажээ.
Несторианчууд зөвхөн шашны бадрангуй (enthusiast) үзлээс гадна худалдааны орлого олох зорилгоор Христийн шашныг дэлгэрүүлж эхэлсэн бололтой. Тэд залуучуудыг шашны төдийгүй худалдааны чиглэлээр 3 жил бэлддэг байж. [2-ийн 14 хуудас]
Тэр үед торгоны зам нь худалдаа, харилцаа, соёлын солилцооны үүрэг гүйцэтгэж байснаас гадна энэ замаар янз бүрийн үзэл суртал, шашин тархаж байв. Несторианчуудын зорилго нь аливаа шашны адилаар үзэл суртлаа дэлгэрүүлэхээс гадна эдийн засгийн ашиг олж үйл ажиллагаагаа санхүүжүүлэх улмаар шашин нэгтэй хүмүүсийг торгоны замын дагуу бий болгосноор худалдаагаа найдвартай хийх сүлжээ байгуулах нь тун хэрэгтэй байсан болов уу. Нөгөө талаар Исламийн шашин VII-аар зуунаас эхлэн хүчтэй тэлснээр Несторианчуудыг уугуул нутагт нь дарамтлан уг шашинг зүүн тийш тэлэхэд хүчтэй нөлөөлжээ.
Түүнээс гадна манай эриний 241 онд хуучин Ассирийн Христ шашинтай (Несториан) байсан залуу Мани шинэ Маниан (Manicheanism) шашнийг үндэслэжээ. Энэ шашин нь Будда, Христ, Зороастер (Zoroaster) гурвууланг нь агуу номлогчид гэж номлож байсан байна.[3, 3 ба 11-р х.] Улмаар Манийн шашин Парфиан (эртний Иран) , тэдний төрөл Согдод тархаж Уйгур улсад 763 онд төрийн шашин болжээ.
Манийн шашин, дээр дурдснаар Несториан урсгалын хүчтэй нөлөөгөөр бүрдсэн учир тэдний бичиг үсгийг (Сири бичиг) авч хэрэглэсэн байна.
Тэгэхлээр эхлээд Христийн шашин, дараа нь Маниан шашин тархахдаа эхлээд сири хэл, бичгээр дараа нь тухайн ард түмнүүдийн хэл аялгуунд зохицуулах шаардлагын дагуу бичиг үсэг зохион Согд үсэг бичиг түүнээс уламжлан Согдуудаар дамжуулан Уйгурууд өөрсдийн бичиг үсэгтэй болж шашныхаа ном зохиолуудыг өөрсдийн төрөлх хэл дээрээ хөрвүүлж авч байсан нь Хятадын Шинжаан зэрэг газар хийсэн археологийн шинжилгээгээр нотлогддог юм.
Согдууд нь тухайн үедээ өндөр соёлтой улс гүрэн байсан бөгөөд тэр үеийн торгоны замын худалдаанд хүчтэй ноёрхож байсан ба одоогийн дундад Азийн Узбекстан зэрэг улсуудын нутаг дээр оршиж байсан тул энэ давуу талыг олсон бололтой.
Ричард Фолцийн [4, 68 х.] бичсэнээр бол Согдууд дотор VIII–аар зуунд Исламын шашинд ортлоо Христийн шашнийг баримтлагчид олон байжээ. Түүнчлэн тэдний хэл тухайн үеийн торгоны замын дагуухи гол хэл байсны хувьд тэд орчуулагч, болон орчуулгын үүрэг гүйцэтгэж Христ, Будда, Мани, Зороастерийн шашний олон ном зохиолыг өөрийн болон бусад хэл дээрээ орчуулж байжээ.
Чухам энэ шалтгаанаар Уйгарууд Согдоос бичиг үсгийн авсан байх. Гэхдээ хэвтээ чиглэлд биш босоо бичдэг болсон нь магадгүй Хятадын бичиг, үсгийн соёлын нөлөө болов уу.
Монгол улсын түүх, [5] тэргүүн ботийн 339 –аар хуудсанд дурдснаар:
“… Дундад Азийн өндөр соёлт согд нараас бичиг авч өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгар бичиг хэмээн алдаршжээ.
…Уйгур бичгийг, тэдний бүрэлдхүүнд орсон түрэг, монгол угсааны зарим аймаг хэрэглэж байсан бөгөөд улмаар Их Монгол улсын албан бичиг болсон юм. Уйгур бичгээр дамжин олон тооны үг Монголд нэвтэрсэн нь ном, дэвтэр хэмээх согд үг, … эрдэм зэрэг уйгур үгс болно.” гэжээ.
Монгол оронд христийн шашин тархсан нь болон Монгол бичгийн үүсэл:
Сонирхолтой нь Найжэл Камеруны [6, 42 х] дурдсанаар бол Их Монгол улсад илгээж байсан Европийн элч нар нь голдуу Сири хэл, бичгээр бичсэн (Несториан шашны албан ёсны хэл, бичиг) захидалтай ирдэг байсан. Жишээ нь: Виллиам Рубрук (William of Rubruck) Сири хэл дээр бичсэн захиатай ирж байсан байна.
Эндээс ямар учраас Европууд захиагаа Сири хэл, бичгээр дээр Монгол руу илгээж байв гэсэн асуулт гарч байгаа юм.
Лоуренсе Браун [7, 101-103 х.] болон Алфонсе Мингана [8] нарын бичснээр бол МЭ 1007 -1008 онд Монголын Хэрэйд аймгийн 200,000 хүн Христийн шашинд орсныг тэр үеийн Мерв хотын Несториан шашны тэргүүн Абдиешийн захиа болон Ассирийн сүмийн он дарааллын бичигт Жасоб Бар-Небраеус тэмдэглэгдэн үлджээ. Тэнд өгүүлснээр бол Хэрэйд аймгийн удирдагч ан хийж яваад хүчтэй цасан шуурганд өртөж амь алддагийн даваан дээр түүнд христийн шашний ариун гэгээн нарын нэг үзэгдэж явах замыг нь зааж өгснөөр орон байрандаа эсэн мэнд хүрч чаджээ. Ингэснээр тэр нэн даруй тэр хавьд байсан Ассирийн худалдаачдад элч илгээж Христийн шашнийг дагах болсноо мэдэгдэн тэр болон түүний албатууд христийн шашинд орсон гэжээ.
Мөн Хэрэйд аймгийн удирдагч Ван хааны өвөг болон эцэг нь Маркус, Курчагус (Georgeus) гэсэн нэртэй байсан нь Христийн шашний гаралтай гэж тэмдэглэгддэг.[9, 1-р боть 130 х.]
Ер нь 800 он орчмоос Христийн шашны худалдаачдын нөлөөгөөр Христийн шашин Найман, Онгуд, Хэрэйд, Уйгур, Хар Хятанд тархаж эхэлжээ. [10, 152 х.]
Түүнээс гадна та бидний сайн мэдэх япончуудын хийсэн Монгол Их гүрэн түүхэн баримтад кинонд Өвөр Монголын нутаг дахь хуучин Онгуд аймгийн балгаснаас Хэрээс буюу Загалмай тэмдэгтэй чулуунууд олддог тухай харуулж байсныг санаж байгаа байхаа.
Өнгөрсөн зуунд олдсон Хар Хот болон Булаг? (Bulayïq) зэрэг Хятадын Шинжаан уйгурын автономит болон Ганьсу мужийн нутгаас олдсон эртний бичиг дурсгалын олдвор дотор Христийн уйгур бичээсүүд нилээн байдаг бөгөөд тэнд Йисусийг Мисха (Messiah гэсэн үгнээс гаралтай байх Ё.Г) тангри – Мөнх тэнгэр?, хан тангри гэж нэрлэж байсан нь сонирхолтой. Мөн нилээн тооны Согд, Сири бичээс бүхий Христийн ном судрын үлдэгдлүүд олджээ. [11][12, 254-256 х.]
Тэгэхлээр эндээс Монголд нутаглаж байсан аймгууд өөрөөр хэлбэл тэр үеийн хүн амынх нь тал нь Христийн шашинтай байсан. Тиймээс эх хэл дээрээ шашныхаа номлолыг уншиж байсан. Эх хэл дээрээ номоо уншиж байсан юм чинь өөрсдийн нутгийн хэл аялгуундаа зориулсан бичиг үсэгтэй байсан, тийм байх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Монгол бичиг нь Финик-Арамай-Сири-Согд-Эртний Уйгар-Монгол бичиг, үсэг гэсэн дарааллаар Христ болон Манийн шашны нөлөөгөөр дамжиж бидэнд ирсэн нь дээрхи болон дараахи нотолгоонуудаас дахин харагдаж байна.
Монголын түүхэн болон уран зохиолын гол эх сурвалжуудын нэг Монголын Нууц Товчоог уншиж байхад ажиглагдсан зүйл бол зохиолын бүтэц Библи судартай их төстэй байдаг юм. Дээрхи зохиолууд хүний нэр, газар ус, үйл явдлууд нь ялгаатай болохоос зохиомж дараалал зэрэг их төстэй. Тэрний хүү тэр, тэрнэээс тэр гарав гэх мэт.
Мөн хожим Монголын цөм болсон нирун аймгуудыг үндэслэгч Алунгоогийн 5 сумыг хөвгүүддээ хугалуулахаар өгсөн сургааль нь эртний грекийн Аесопын [13] домог сургаальтай адил байдаг нь тохиолдол гэж үзэхэд хэцүү л юм. Аесопын [13] домог сургаальд нэгэн хөгшин үхэхээс өмнө саваа мод зарцаараа авчруулж ирээд хүүхдүүдээрээ хугалуулж, сургааль айлдсан тухай сонссон байж болох талтай.
Тэр тусмаа Алунгоо өөрсдийн хүүхдүүдээ шөнө бүр ирдэг цагаан шар хүнээс гаралтай гэж хэлсэн. Хүүхдүүд нь болох боржигинчууд ногоон, бор [хөх] нүдтэй, шар өнгөтэй арьстай байсан гэж Раш Ад Диний зохиолд [9, 1 боть, 155 х.] тэмдэглэгдэн үлдсэн нь тэнгэрээс гаралтай гэхээсээ илүү эртний Сиригээс ирсэн Несторийн шашны худалдаачинтай холбоотой байсан гэмээр сэтгэгдэл төрүүлдэг.
Алунгоогоос хойш нь Чингис хаан хүртэл 12 үе болсоныг тооцвол тэр үед дунджаар 20-25 насандаа хүүхэдтэй болдог байсан гэж үзвэл Чингис хаанаас 240-300 жилийн өмнө буюу X-XI-ээр зууны хооронд болсон явдал гэлтэй. Энэ нь Хэрэйд аймгийн Христийн шашинд орсон үетэй ойролцоо байгаа нь анзаарагдаж байна.
Тэр үеийн Монголын бөөгийн шашин одоо үеийнхээс ялгаатай байж, ганцхан Мөнх тэнгэрийг шүтдэг байтал хожим үеийн бөөгийн мөргөл маань 99 тэнгэрийг, мөн өвөг дээдсийн сүнс, сахиусыг шүтдэг. Ингэснээр эхнийх нь монотейзм дараагийнх политейзм гэсэн шашны ангилалд багтаж байгаа юм. Монотейзмд нь ганцхан дээд хүчин (эзэн, бурхан) байдаг гэж номлодог Христ, Мусульман шашинууд ордог бол политейзмд олон бурхадтай буддын болон хинду зэрэг шашинууд ордог.
Мөн нууц товчооны эхийг Козиний [14] латинаар буулгасныг харахад;
§ 174. …
….Kouno ami erusun dobtulduya! Keeesu, teun-tur Ačiq-Širun uķulerun:
Qan, qan! Butuķai!
Ečine buķu, kou erirun,
Elbiesun ĵalama kiĵu,
Abi-Babi! keen,
Erin ĵalbarimui bida,
Edun-torun-baraqsan,
kou Saŋķumi asaraya! Moŋğolun oloankin, ĵamuqa-lua, Altan, Qučar-lua bidan-tur bi! Temuĵin-lue daičiĵu ğaruqsan Moŋğol qaa otqun tede?
Козиний [15] Орос руу орчуулсан нь;
174. …
…Кинемся же выручать сынка!” Тут Ачих-Ширун и говорит ему: “Полно-те хан, государь мой!
Втайне о сыне – ты помнишь? – мечтал, Жертвы-курения духам ты слал, Слезно молитвы святые творил Да неотступно ты “Авва” твердил.
["Все мы, втайне домогаясь сына, моления и жертвы приносим, "абай-бабай4 твердим, вознося усердные молитвы..."]‘
Ц. Дамдинсүрэн[16] гуайн орчин үеийн Монгол хэл рүү буулгасан нь;
174.
Ачиг-Ширvн єгvvлрvvн:
“Эзэн хан минь
Эрхбиш болоомжилж айлд
[Эзэн хан тэргvvлэнЭнгийн харц бvгдээр]
Эс заяасан хєвvvний
Эрэл мєрєєдєл болж
Элдэв арга хийлгэж
Эвий бавий хэмээн залбирах бєлгєє
Энэ залбирал бvтэж
Эхээс тєрсєн заяасан
Эрхэм хєвvvн Сэнгvмийг
Энхрийлэн асарч сувилъя
Энэ гурван хэсгийг харьцуулж харахад энэ нь эртний Арамай хэлний “Авва” эцэг эсвэл эцэг тэнгэр, бурхан гэсэн залбирлын үг мэт. Ер нь орчин үеийн Монгол хэлний аав гэдэг үг [17] Еврей хэлний “אב – (латин галиг –av, утга- аав)” гэдэгтэй төстэй байгаа нь ч сонирхолтой юм.
Бас л одоогийн Монголын эвий бүүвэй гэдэг үг энэ залбирлаас гаралтай юм бол уу? Монголын Их хаадуудын ээж, болон хатад дотор маш олон Христэд итгэгч нар байсныг анзаарахгүй өнгөрч болохгүй. Жишээ нь , Мөнх, Хубилай, Хүлэг хааны эх Христ шүтлэгтэй Сорхагтани бэх (Ван хааны дүү Жаха-Хамбугийн охин) хүүхдүүдээ Abi-Babi! буюу Эвий бавий-эвий бүүвэй гэж энхрийлэн залбирч байсан байж магадгүй ээ.
Нууц товчоог судалсан Ц. Дамдинсүэн зэрэг олон эрдэмтэд Монголчууд эртнээс нааш бичиг үсгийн соёлтой байсан, Нууц товчооноос өмнө бичигдсэн бичиг зохиолын дурсгалууд хадгалагдан ирээгүй бололтой, мөн тэр үеийн Монгол ярианы хэлнээс бичгийн хэл нь ялгаатай болсон байна гэж дүгнэдэг.
Миний бодлоор бол дээрхи нөхцлүүд дээр дүгнэлт хийхэд Монгол бичиг нь Найман юм уу Хэрэйд аймгийн эсвэл аль нэгэн аймгийн аялгуу дээр тулгуурлаж Христийн ном зохиолыг анх орчуулж гаргах зориулалтаар үүссэн. Ном гэдэг үг ч гэсэн эртний Христийн ертөнцийн голлох номын хэл болох Грекийн номос-хууль дүрэм гэдгээс гаралтай нь харагдаж байдаг. Гэтэл Монголын эртний өвөг дээдэс эрт дээр үес Хятад, Тангадын ном зохиолтой танилцаж явсан нь дамжиггүй. Тэгж явсан атлаа тэднээс энэ үгийг зээлдээгүй харин Согд хэлээр дамжуулж энэ үгийг авсан нь учиртай мэт!
Бас нэгэн зүйл нь Хэрэйд гэдэг үг Христүүд гэдгийн сунжирж нутгийн хэллэгт зохицож үүссэн байх талтай! Христийн сургааль нэвтэрсэн тэр үес энэ нэр түүхэнд тэмдэглэгдэж ирсэн мэт. Түүнчлэн Онгуд аймгийн нэр нь Онгон гэсэн нэрний олон тоо. Онгон шүтээн нь Христ байсан байж магадгүй учраас, Хэрэйд-Хэрээст-Христ гэдэг шиг шашны шүтлэгээрээ өөрсдийгөө нэрлэсэн юм шиг санагддаг. Хэрээс тэмдэг гэдэг Монгол үг нь эртний гаралтай бололтой. Христ гэсэн үгнээс үүсэлтэй юм биш үү гэмээр.
Гэвч Монголд ямар учраас Христийн шашин алдагдсан, Монгол бичгийн энэ гарал үүслийн түүх яагаад далдлагдсан бэ? гэсэн асуудал дэвшүүлж болох.
Миний таамаглалаар:
1. Христийн несториан урсгал нь Монгол орноос газар зүйн хувьд хэт алслагдсан байв.
2.
3. Хожим Исламын шашин хүчирхэгжин несторианчуудыг нутаг оронд хүртэл цөөнх болгож хүч нөлөөгүй болгосон.
4. Хубилайн эсрэг бослого гаргасан түүний дүү Аригбөхийг Несторианчууд ихээр дэмжсэн. Жишээ нь, одоогийн манжуур болон зүүн Монголыг захирч байсан үеэл дүү, Отчигон ноёны ач Наян ноён Христийг шүтэгчээр барахгүй, Хубилайн эсрэг Христийн тэмдэгүүдийг туг сүлдэндээ залан байлдаж байв.
5. Ромоос 100 эрдэмтэй Христийн лам авах гэсэн Хубилайн хүсэлт бүтээгүй. [18, 365 х.] (шалтгаан нь тодорхойгүй: миний бодлоор Христийн шашинт эхийнхээ нөлөөгөөр Христийн шашнийг Монголд дэлгэрүүлэх гэсэн байх)
зэргээс шалтгаалан Христийн шашний нөлөө Монголд суларч эхэлжээ.
Гэтэл өөрийн эзэнт гүрнийг оюун санааны хувьд нэгтгэхийн тулд шашин залахаас өөр аргагүй улс төрийн бодлогоос болж ойр орших Төвдөөс Буддын шашин залснаар Хубилай хаанаас эхлээд Монголд Христийн шашнаас цэрвэх болов. Иймд гарал үүслээс нь шалтгаалаад Монгол бичгээс цэрвэх болж Монголын шашны зүтгэлтэн голдуу хүмүүс шинээр янз бүрийн бичиг үсэг хүртэл зохиож, Монгол улс түүхэндээ хамгийн ихээр, бичиг үсгээ солих (10 орчим удаа) гэж оролдсон улс боллоо. Үүний нэг тод жишээ нь Халхын Өндөр гэгээн Занабазарын Соёмбо үсэг юм. Түүнд улс төрийн болон хэлний шаардлагаар бичиг үсэг зохиох ямарч шаардлага байгаагүй зөвхөн шашны зорилгоор Соёмбо үсгээ зохиосон юм уу гэлтэй?
Түүнээс гадна шарын шашны удаа дараагийн түүхчид Монгол хаадыг эртний Энэтхэг, Төвдийн хаадаас гаралтай мэтээр бичиж байсан. Ингэснээр Монгол түүхийн чухал хэсэг болох Монгол бичгийн гарал үүслийг зориуд нуун дарагдуулж, өөрийн шашнаа эртнээс нааш Монголын язгуур шашин байсан мэтээр харуулахыг зорьжээ.
Ё. Гантулга
2009-05-10
http://gantulga.wordpress.com
Австрали
Ашигласан материалууд:
1. 2009/05/01-нд хандав. http://news.bbc.co.uk/1/hi/sci/tech/489449.stm
2. Howard, D. Owens. September 22-24, 2005. Nestorian Merchant Missionaries And Today’s Unreached People Groups. A Paper Presented at the National Meeting of the Evangelical Missiological Society. Minneapolis, Minnesota
3. Stephen Andrew Missick. The Assyrian Church in the Mongolian Empire as Observed by World Travelers in the Late 13th and Early 14th Centuries
4. Richard, Foltz. 1999. Religions of the Silk Road. New York: St. Martin’s Press.
5. Редактор Цэвээндорж, Ц. 2003. Монгол улсын түүх: Тэргүүн боть. Улаанбаатар: Адмон
6. Nigel, Cameron. 1970. Barbarians and Mandarins: Thirteen Centuries of Western Travelers in China. New York & Tokyo: Walker/Hill.
7. Laurence, E. Browne. 1967. The Eclipse of Christianity in Asia: From the Time of Mohammed until the Fourteenth Century. New York: Howard Fertig.
8. Mingana, Alphonse. 1925.The Early Spread of Christianity in Central Asia and the Far East: A New Document. Manchester: University Press
9. Рашид Ад Дин. 1952. Сборник Летописей: Том I. Ленинград: Академия Наук СССР
10. Volkmar, Gantzhorn. 1991. The Christian Oriental Carpet. Tubijan, Germany: Eberhard-Karl-Universitat.
11. 2009/05/06-нд хандав. http://www.bbaw.de/bbaw/Forschung/Forschungsprojekte/turfanforschung/en/blanko.2005-03-02.3373813525
12. Gillman, Ian and Hans-Joachim Klimkeit. 1999. Christians in Asia Before 1500. Ann Arbor: University of Michigan Press,
13. 2009/05/04-нд хандав. http://ancienthistory.about.com/library/bl/bl_aesop_bundle_sticks.htm
14. 2009/04/28-нд хандав. “Mongholyn niuca tobcijan” (транслитерация китайской транскрипции монгольского текста, сделанная С.А.Козиным)
15. Козин, С.А. 1941. Сокровенное сказание, том 1,
16. Дамдинсүрэн, Ц. Монголын нууц товчоо. Ebook.
17. 2009/05/02-нд хандав. http://www.ancient-hebrew.org/26_nouns.html
18. John, Man. 2007. Kublai Khan. Great Britain: Bantam Press
Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.
Бүртгүүлэх - Нэвтрэх
Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.
Бүртгүүлэх - Нэвтрэх